Үүсгэн байгуулагч

Хүндэт үйлчлүүлэгчид ээ,

LHAMOUR-ийн үүсгэн байгуулагчийн хувьд би анх эхлүүлсэн алсын хараагаа хуваалцаж байна. Эхлээд энэ нь маш энгийн байсан: өөрийнхөө асуудлын шийдлийг олох. Дараа нь илүү том болж эхэлсэн: бусад хүмүүсийн амьдрал болон нийгэмдээ томоор нөлөөлөх.

Европт олон жил амьдарсаныхаа дараа 2012 онд Монголын анхны салхин цахилгаан станцыг барьсан компанид ажиллахаар Монголдоо ирсэн. Удалгүй агаарын бохирдол, чанар муутай ус, эрс тэс уур амьсгал зэргийн нөлөөллөөс болж амьдралдаа харшил, тууралтгүй явсан би харшилтай болж эхэлсэн. Яах учраа олохгүй их гайхаж эхэлсэн. Би хэзээ ч арьсны асуудалтай байгаагүй учраас арьс маань надад хэр их чухал гэдгийг хэзээ ч мэдэрч байгаагүй юм билээ. Арьс бидний эрүүл мэндийн толь бөгөөд энэ нь надад маш их зүйлийг ойлгуулж эхлэв. Би эмч нартай зөвлөлдсөн бөгөөд тэд намайг нэгэнт л гадны сөрөг нөлөөллийг өөрчилж чадахгүй тул цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Гэхдээ би тохирох бүтээгдэхүүн тухайн үед олж чадсангүй. Импортых байсан ч, тийм ч байгалийн гаралтай биш эсвэл чанар муутай байгаад байсан. Тиймээс бүтээгдэхүүний найрлагын жагсаалтыг анхааралтай үзэж, ер нь яг байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэж яг юуг хэлээд байгааг судалж эхэлсэн. Өөрийнхөө асуудлыг эргэцүүлээд, энэ нь харин намайг арьс болон бүтээгдэхүүн хоорондын нөлөөг судлах хүсэл тэмүүлэлтэй болгосон юм. Үүнийгээ илүү гүнзгийрүүлээд, дэлхийн тэргүүний Органик гоо сайхны шинжлэх ухааны сургуулийн Формула Ботаника-д сурч, мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүний технологич болсон юм. Би ахисан шатны диплом авч, удалгүй монгол түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Гэртээ хүссэн бүтээгдэхүүнээ гаргаж авч хийж байлаа. Дараа нь яг над шиг арьсны асуудалтай байсан гэр бүлийнхэн болон найз нөхөддөө бэлэглэж эхэлсэн. Ер нь хүмүүсийн ихэнх нь 1) арьсны харшилтай 2) арьс нь ямар төрөл болохыг мэддэггүй 3) бүтээгдэхүүнүүд яг аль нь тохирох талаар хангалттай мэдээлэл байдаггүй 4) арьсны тухай худал мэдээлэлд итгэн өдөр тутмын буруу арьс арчилгаатай 5) арьсыг чухал гэж үздэггүй болж таарсан.

Тиймээс би өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээ ашиглан арьсны асуудлаа шийдэхээс гадна Монголынхоо гайхалтай өвөрмөц түүхий эдийг хэрэглэж болох боломжоо ашиглан, хувиараа бизнес эрхлэх аялалаа эхлүүлсэн. Тиймээс LHAMOUR нь хайр дээр суурилсан гэдэгт би итгэдэг. Өөрийгөө хайрлах, өөртөө анхаарал тавих, бусдыг хайрлах, хүрээлэн орчноо хайрлахын зэрэгцээ бусаддаа мэдлэг, хүсэл тэмүүллийг хуваалцах философийг түгээж байгаа юм. Манай зээ дүүгийн нэрийг LHAMO гэдэг, учир нь одоо хийж байгаа зүйл маань бидний хойч үеийнхэнд болон бидний одоо байгаа нийгэмд нөлөөлж, бид бие биедээ болон байгаль эх дэлхийдээ анхаарал халамж тавьдаг ирээдүйг бүтээхийг хүсэж байна.