Хэрхэн өөрт тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгох вэ?

Хэрхэн өөрт тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгох вэ?

Арьс арчилгааны бүтээгдэхүүн авна гэдэг дэлгүүрээс талх авахтай адил хялбар зүйл биш. Зах зээл дээр гоо сайхан, арьс арчилгааны брэнд бүтээгдэхүүнүүд олширч зөв бүтээгдэхүүнийг олно гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил хэцүү зүйл болжээ. Өөрт тохирсон төгс бүтээгдэхүүнийг олохын төлөөх цаг хугацаа, их мөнгө шаардсан урт аяллыг тулаагүй эмэгтэй хүн гэж байхгүй байх. Гэтэл одоо хэр нь та амжилт олоогүй бол арга барилаа өөрчлөн, аяллын өмнөх бэлтгэлээ базааж худалдан авалт хийх гэж яарахын оронд өөрийгөө бага зэрэг бэлтгээрэй.

Та ямар төрлийн арьстай вэ?

Энэ бол арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдаж авахын өмнө мэдэж байх хамгийн суурь ойлголт юм. Арьс хуурай, тослог, холимог, эсвэл энгийн байхаас шалтгаалж бүтээгдэхүүн хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь шалтгаална. Арьсны төрлөө мэдэх маш олон арга байдаг ба гэрийн нөхцөлд дараах аргыг ашиглаарай.

  1. Орой унтахын өмнө нүүрээ цэвэрлэж угаасны дараа ямар ч чийгшүүлэгч тос түрхэхгүйгээр унтана. Энэ хэцүү гэдгийг мэднээ. Сайн үр дүнгийн төлөө ганцхан өдөр золиос гарахад зүгээр шүү дээ.
  2. Өглөө босоод толиныхоо өмнө зогсоод нүүрэндээ цаасан салфетка тавьж хамар, дух, эрүү, хацран дээрээ дарж хэсэг байлгана.

Тослог арьс – Арьсны ихэнх хэсгүүдээс тос ялгарч цаасан сальфетканд илүүдэл тосны толбо үүссэн байна.

Холимог арьс – Арьсны зарим хэсэг ихэвчлэн нүүрний T хэсгээс тос ялгарч сальфетканд илүүдэл тосны толбо үүссэн байна.

Энгийн арьс – Сальфетканы өнгөн хэсэг жигд чийглэг болсон байна.

Хуурай арьс – Та сальфетканаас ямар ч тосны толбо олж харахгүй байх болно.

Сошиал “Review”

Та ямар арьстай гэдгээ мэдсэн бол одоо судалгаа хийх хэрэгтэй. Сошиал хуудас дэмий цаг үрсэн ажил гэлцдэг ч та өөртөө ашигтайгаар ашиглаж болно. Сүүлийн үед хүн бүр бодсон зүйлээ, аливаа зүйлийг хэрэглэсэн туршлагаа ил тодоор сошиал хуудсанд нийтэлж олон нийтэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болжээ. Нэг бодлын хэрэглэгч бидэнд үйлчилгээний газар, брэнд, бүтээгдэхүүний талаар хүмүүсийн бодит туршлага, сэтгэгдлийг уншиж судлан сонголтоо хийхэд нэлээдгүй тусалж байгаа юм. Гэвч зарим сошиал хуудас, вэбсайт, блогчид тодорхой бүтээгдэхүүн, брэндийн талаар таатай зүйлсийг хэлэхийн тулд мөнгө авсан байдаг. Уншигч та л үүний үнэн худлыг ялгах хэрэгтэй.

Орц, найрлагатай нь танилц

Арьсны төрлөө мэдчихлээ, хангалттай судалгаа хийлээ. Одоо дэлгүүрээр орж бүтээгдэхүүнтэйгээ бодитоор уулзацгаая. Та бүтээгдэхүүнийхээ орц, найрлагатай няхуур танилцаж таны арьсны одоогийн нөхцөл байдлыг дордуулах зүйл байгаа эсэхийг сайтар хараарай. Өмнөх нийтлэлд орсон арьс арчилгааны бүтээгдэхүүнд ордог хортой найрлагууд танд туслах болно.

Тестлэж үзээрэй

Шинэ бүтээгдэхүүн авах гэж байгаа бол та заавал туршиж, түрхэж үзээрэй. Гар, бугуйн дотор тал эсвэл арьсныхаа аль нэг зөөлөн хэсэгт түрхвэл тохиромжтой. Ямар нэгэн харшлын шинж тэмдэг, сөрөг нөлөө үзүүлж байна уу, ажиглаарай.

Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахад буруудахгүй

Хэрвээ танд дээрх аргуудыг хэрэглээд хангалтгүй санагдаж байвал мэргэжлийн арьс судлалын эмчид хандан нарийн зөвлөгөө аваарай. Таны арьсанд ямар бүтээгдэхүүн тохирох тухай шинжлэх ухааны үндэслэлтэй зөв чиглэлийг өгөх болно.